2025-01-26

Монгол улсад одон орон судлалыг үндэслэсэн эмэгтэй: Санжмятавын Нинжбадгар

"Монголынхоо цэлмэг тэнгэрийг дуран авайгаар харвал хичнээн сайхан бол?" гэх гэгээн мөрөөдөл тээсэн бүсгүй 1950 оны эхээр нутагтаа ирлээ. Хэл, хөл хүрэх газар бүртээ мөрөөдөл басхүү чамбай төлөвлөгөөгөө танилцуулсан ч санаснаар болсонгүй.

Хувьсгалын тохироо сая бүрдэж, 1957 оныг дэлхий дахины геофизикийн жил болгон тэмдэглэхээр шийдсэнд манай орон ч нэгдэж БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 565-р тогтоол гарлаа. Энэ тогтоолд тус улсад газар хөдлөлтийг судлах станц, одон орны судлалын станцыг 1957 оны эхээр байгуулахаар заажээ. Энэ хариуцлагатай ажлыг мөнөөх одон оронч бүсгүйд даалгасан юм.

Энэ эрхэм хүмүүн бол манай анхны одон орончдын нэг Санжмятавын НИНЖБАДГАР юм. Анхдагч бүрийн өмнө тулгардаг бүхий л бэрхшээл мэдээж түүнд ч бас тохиосныг хэлэх юун.

Санжмятавын НИНЖБАДГАР нь Олон орон судлалын төвийн үүсгэн байгуулагч, анхны захирал (1957-1961), одоогийн байрлаж буй Хүрэлтогоотын аманд тус төвийг байгуулахаар сонгосон хүн. Түүнчлэн нэгэн үеийн сурагчид түүний "Одон орон" хэмээх сурах бичгээр энэ гайхамшигт шинжлэх ухаантай танилцсан билээ.

Түүний нөхөр Дарамын Төмөр-Очирыг улс төрийн шалтгаанаар хэлмэгдүүлсэн нь түүнд ч дам нөлөөлж ид хийж бүтээх насандаа нутаг заагдаж явсан нь юутай харамсалтай. Түүнчлэн энэ хэлмэгдлийн нөлөөгөөр Э.Оюун гуайтай хамтран бичсэн "Би эндээс явахгүй" драмын жүжигтээ нэр дурдуулах эрхээ хасуулж явсан юм. Нам засгийн зүгээс түүнийг хотод ажлаа үргэлжлүүлэн хийх санал тавихад "Төмөр-Очиртой суусан болохоос Төв хороотой чинь суугаагүй” гэж хэлээд ханиа дагаж хамт цөлөгдөж явсан түүхтэй.

Энэхүү эрдэмт, эрс шулуун эрхэм Санжмятавын НИНЖБАДГАР нь манай "ГАЙХАМШИГТ 50: УРАМ ЗОРИГИЙН ТҮҮХ" номын нэгэн хүндэт дүр билээ. Номд багтсан буюу түүний түүхийг хүүхдэд зориулсан хувилбараар уншаарай, уншиж өгөөрэй!

"Намрын нэгэн өдөр Нинжбадгар охин гадаа тоглож байлаа. БҮрээ татаж, бөмбөр нүдсэн хүүхдүүд жагсаж явахаар нь сонирхон дагасаар сургууль руу нь орчихжээ. Ангид орж ирээд суусан танихгүй охиныг багш гаргах гэсэн боловч тэр байрнаасаа огт хөдөлсөнгүй. Арга ядсан багш охиноос шалгалт авахаар шийдэв. Охин ч шалгалтыг торох юмгүй давснаар ийнхүү сургуульд орох ёстой наснаасаа жилийн өмнө сурагч болсон юм. Тэр тоо, физикийн хичээлд гойд дурлана. Улмаар Монгол Улсын Их Сургуулийн анхны төгсөгч болж, үргэлжлүүлэн Орос улсад суралцсанаар манай улсын анхны одон оронч мэргэжилтэн болсон юм. 

Монголынхоо цэлмэг хөх тэнгэрт холын ертөнцийг дуран авиагаар ажиглавал юутай сайхан 6э? Энэ бол түүний оюутан ахуйн мөрөөдөл. Эх орондоо ирэхдээ “Одон орон судлалын төв байгуулна" хэмээх том зорилго өвөрлөсөн байв. Тэр бас огторгуйн дуранг хаанаас, ямар хөрөнгөөр авах тухай санааширна. Энэ тухайгаа хэд хэдэн ч удаа дарга нарт хэлж үзэвч ер дэмжсэнгүй. 

Зургаан жилийн дараа л сая нэг бүтэх шинжиндээ орсон ч шаардлагатай тоног, төхөөрөмжгүй л байв. Нэг удаа тэр Герман улс руу багаж судлахаар явахдаа зүрх гарган гурван дуран дур мэдэн захиалчихаж. Үүнийхээ төлөө дарга нартаа өчнөөн загнуулав. Хүсэж зорьсон Одон орон судлалын төвийнхөө барилгыг барьж эхлэх гэтэл ажилчид олдсонгуй түл Нинжбадгар аанай л ачааны машинтай очоод барилгын ажилчдыг даргад нь хэлэлгүй аваад ирэх нь тэр. Ахиад л загнууллаа.

Энэ мэтээр олон бэрхшээлтэй тулгарсан ч тэр шантарсангүй. Хүсэж зорьсон Одон орон судлалын төвөө ч байгуулж, захирлаар нь ажиллах болжээ. Тэр одон орны шинжлэх ухааныг эх орондоо хөгжүүлж, дунд болон их дээд сургуульд үзэх олон сурах бичгийг зохиосон юм." 

Эх сурвалж: Гайхамшигт 50: Урам зоригийн түүх, 2019 

Зураач: Л.Нямдорж

Захиалах: https://ulbar.mn/product/3392