Радикал феминистүүд[1] болон эрэгтэйчүүдийн эрхийн төлөөх идэвхтнүүдэд нийтлэг тал цөөн. Харин Үндэсний Оюутны Холбооноос гаргасан “No Platform”[2] бодлогын ачаар феминист Жүлие Биндел[3], эрчүүдийг дээдлэгч[4] Майло Ианопүлос[5] нар доромж утгатай үг хэрэглэсэн гэх үндэслэлээр их сургуулиудын индэрт гарах эрхгүй болсон юм. Энэ нь тэдний нийтлэг тал болов. Саяхан болтол их сургуулиуд үг хэлэх эрх чөлөөг хязгааргүйгээр зөвшөөрч, оюутнууд бусдад цочроо өгөх, бусдын дургүйг хүргэх боломжоо тамшаалан хүртдэг байлаа. Одоо харин тэд “таашаалд нь нийцэхгүй” гэж үзсэн илтгэгчдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилох оролдлого л хийх болжээ.
Сонсмооргүй юмыг нь хэлэх гэж оролдсон хүмүүсийн дуу хоолойг боох явдал зөвхөн их сургуулиудаар тогтохгүй. Сүүлийн хэдэн жилд хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд уламжлалт бус санаа бодлыг (жишээлбэл, уур амьсгалын өөрчлөлтийг үгүйсгэгч, уран бүтээлч, лалын хэт даврагч, цагаан арьстныг дээдлэгч зэрэг) түгээхээс зайлсхийх болсон. Ийм байр суурь нь тун тааламжгүй, гаж эсвэл зүгээр л буруу ташаа байж болох хэдий ч хэлэхийг нь хязгаарлах бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумьж буй хэрэг юм.
Хувь хүний түвшинд ч ялгаагүй, төрийн зүгээс иргэдээ хүлээн зөвшөөрөгдөөгүй санаа бодлоос хамгаалах нь ихсэж байна. Нэгэн муслим эмэгтэйгээс Брюссель дэх халдлагын талаар шалгаасан залууг Лондоны цагдаа нар баривчилсныг бодоод үзье л дээ. Залуугийн үйлдлийг яалт ч үгүй лалын шашны эсрэг үзэл гэж тодорхойлж болох ч ер нь яагаад лалын шашны эсрэг, арьс өнгөөр эсвэл хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл бодлоо илэрхийлэхийг буруушаах ёстой гэж? Хүлээн авагчид нь таашаадаггүй болохоор л тэр шүү дээ. Сонсмооргүй байгаа юмыг нь хэлэх эрх чөлөөг хүлцэж чадахааргүй нийгэм бүтээснээ одоо бид гэрчилж байна.
Яагаад энэ нь асуудал болоод байгаа юм бэ гэдгийг олон хүн олж харж чадахгүй байгаад санаа зовних юм. Эцэст нь бухимдал төрүүлэхүйц, сэтгэлд үл нийцэм үзэл бодлын илэрхийллийг бид үнэлж чаддаггүй бөгөөд бодол санаагаа өөрчлөлгүй бухимдсаар л явдаг. Мэдээж хэрэг, анхнаасаа л тийм үзэл бодолтой болоогүй бол хамаагүй дээр биш гэж үү? Иймэрхүү хандлага нь эрх чөлөөг харьцангуй болгоход шууд нөлөөтэй. Зарим үзэл бодол сонсогдох ёсгүй юм байж гэхэд бүх санаа бодол огт илэрхийлэгдэхгүй байгаасай гэж хүсээгүй л юм бол яг алиныг нь хүлээн зөвшөөрөгдөхийг шийдэх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл тэр шийдвэрийг хэн гаргах юм бэ? Шүүмжлэгчдийн амыг дарж, Засгийн газраа эрсдэлд оруулж чадах төр үү? Аль эсвэл туйлбаргүй хэдэн оюутан уу? Үнэндээ ийм эрх мэдлийг тодорхойлох гэж оролдож буй инээд хүргэж элэг хөшөөмөөр — юу хэлэх хэлэхгүйгээ хүнээр заалгахыг хүсэхгүй нь мэдээж шүү дээ. Гэвч юу ярьж болохгүйг минь заахыг хүлээн зөвшөөрөх дээрээ тулсан төдийгүй хаа нэгтээ хэн нэгэнд тэр хүч чадал байх ёстой гэх аваас тэрхүү эрх мэдэл хэний гарт байх, шийдвэр хэрхэн гарах зэргийг бид тов тодорхой мэдэх шаардлагатай.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн цахим сүлжээн дэх бүлгүүд өөрсдийн таашаадаггүй байр сууриудын эсрэг голдуу сошиал медиаг ашиглан хүссэнээрээ хариу барьдагт хамаг асуудал оршиж байна. Тухайн хүний үг хэлэх эрхийг шууд булаан авч буй хэрэг биш- учир нь тухайн хүн тодорхой сэдвээр үзэл бодлоо илэрхийлсний дараа л эсэргүүцэж эхэлдэг шүү дээ. Гэвч ингэснээрээ иймэрхүү сэдвээр дахин ярилцах явдлыг шууд бусаар хязгаарладаг. Ямар нэгэн үзэл бодлын илэрхийллийг хэт эсэргүүцэх нь цаашдаа олон нийтийн дунд илэрхийлэх үзэл бодлын хүрээг ерөнхийд нь хумьдаг. Тийм л учраас бусдын сонсохыг хүсээгүй зүйлсийг нь хэлснийхээ төлөө олон ч феминист Твиттерт харгис хүчирхийллийн бай болж байна. Тэдний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ингэж л дөрлөдөг юм. Үг хэлэх эрх чөлөөг хэн нэг эрх мэдэлтэн биш харин нийгэм ингэж л булаан авдаг юм.
Энэ бол чөлөөт нийгэмд нийцэхгүй үйлдэл. Хэрэв либерализм нь ямар нэгэн утгатай юм бол тэр нь хуулийн хүрээнд бусдын нөлөөгүйгээр өөрийнхөөрөө замнах эрх юм. Энэ нь бусдад хохирол учруулахгүйгээр илүү аз жаргалтай амьдрах боломж олгодог. Үг хэлэх эрх чөлөөг хуулиар хамгаалдаг атал нийгэм ингэж дур зоргоороо хязгаарлах нь гарцаагүй эрх чөлөөний ноцтой зөрчил юм. Хэрвээ та уламжлалт бус үзэл баримтлалгүй бол энэ асуудал танд хамаатай санагдахгүй байх. Гэхдээ үг хэлэх эрх нь бидний бусад эрхийг хамгаалах гол зэвсэг учраас та зайлшгүй санаа тавих учиртай. Цэрэг цагдаагаар хамгаалагдсан төрийн эсрэг бид өөрсдийн эрхээ дуу хоолойгоороо хамгаалахаас өөр ямар арга бий билээ?
Хэрвээ аажим аажмаар уламжлалт бус санаа бодол илэрхийлэгдэх ёсгүй гэх үзэл нийгэмд сайшаагдах тусам цаашдаа хүлээн зөвшөөрөгдөх санаа бодлын хүрээ улам хумигдах аюултай. Бид санаа бодлынхоо эсрэг гарсан шүүмж бүрийг шийдвэрлэх гэх тусмаа бидний сэтгэлд нийцээгүй үйлдлийг хийсэн хүмүүс рүү улам бүр урам зоригтой дайрч давшилдаг билээ. Хэрэв ийм зүйл үнэхээр тохиолдвол бидний дундах эрх чөлөө, мөн бусад бүх эрх чөлөө алдагдаж, аажмаар бүдгэрэн алга болох болно.
Үг хэлэх эрх чөлөө нь шинэ шинэ эрх чөлөө рүү хөтөлдөг. Ижил хүйстнүүдийн эрхийг манай үеийн хамгийн чухал ололт гэж олон хүн үздэг. Гэвч энэ эрхийг тухайн үедээ түгээмэл бус үзэл бодлуудыг илэрхийлж байж л олж авсан юм. Зуун жилийн өмнө ижил хүйстнүүдийг дэмжих нь өнөөгийн цагаан арьстнуудыг дээдлэгчдийн адил жигшин зэвүүцэгддэг үзэл байлаа. Бид таашаадаггүй үзэл бодлуудаасаа зугтсаар байвал ирээдүй хойч үеийнхээ өнөөгийн бидний төсөөлж ч чадахгүй олон боломжийг үгүйсгэж болзошгүй. Бүх нийтийн сонгуулийн эрх хуучин цагт ердөө хуруу дарам цөөн хүний бодол төсөөлөлд л багтаж байлаа. Үүн шиг ирээдүйд илүү шударга, эрх тэгш нийгмийг бүтээх шинэ санаа төрөх нь гарцаагүй. Бидний одоо эдэлж буй төдийгүй ирээдүйд олж авах олон эрх чөлөөг баталгаажуулдаг учраас л бусдад таалагдахгүй зүйлийг хэлэх эрх чөлөө нь амин чухал юм. Үүнийг алдах нь сүйрэлтэй тэнцэх бөгөөд биднийг эрх чөлөөт бус өнөөдөр болон үүнээс ч илүү либерал бус ирээдүй рүү хөтлөх болно. Эцэст нь хэлэхэд, бухимдал доромжлол багатай нийгэмд амьдаръя гэвэл бусдад шүүмжлэлтэй хандах эрхийнхээ төлөө тэмцэх нь зүйтэй.
Бичсэн: Александер Батчер (Англи, 13 нас)
Орчуулсан: Эрдэнэ-Өрнөхийн Энхжин (Өмнөговь, 17 нас)
Эх сурвалж: Удахгүй хэвлэгдэх "Юу мэднэ гэж" номын шинэчилсэн хэвлэлд багтсан эсээ.
[1] Ред: Радикал феминизм гэдэг нь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөний нэг урсгал юм.
[2] Ред: Үндэсний Оюутны Холбоо (National Union of Students, NUS) нь Их Британид үйл ажиллагаа явуулдаг оюутны холбоо бөгөөд "No Platform Policy" нь тодорхой хүн, байгууллагыг их сургуулиуд дээр үг хэлэх, илтгэхийг хориглох бодлого юм. Зарим хүмүүс болон бүлгүүдийн үзэл бодол нь бусдын эрхийг хүндэтгээгүй бөгөөд олон нийтийн аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гэж үзэж буй учраас хориглодог.
[3] Ред: Жүлие Биндел (Julie Bindel) нь радикал феминист, жендэрийн эрхийг хамгаалагч хүн юм. Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй ажилладаг.
[4] Ред: Эрчүүдийг дээдлэх үзэл (Male supremacy) нь нийгэмд эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдээс илүү бөгөөд илүү эрхтэй, илүү чухал гэж үзэх үзэл санаа юм. Энэ үзэл нь эрэгтэйчүүдийг аливаа нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт илүү эрх мэдэлтэй, давамгайл байр суурьтай байх ёстой гэж тайлбарладаг.
[5] Ред: Майло Ианопүлос (Milo Yiannopoulos) нь барууны экстрим, радикал үзэлтэн, интернэтийн од, эрчүүдийг дээдлэх үзэл санааг баримтлагч хүн.